Хан-Уул дүүргийн Соёлын ордон нь Соёлын төв нэртэйгээр 1936 онд анх Ажилчин залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх клуб хэлбэрээр Ажилчны Районд “Довийн дов” хэмээх газар байгуулагдаж үндэс суурь нь тавигдсан. Үүний дараа албан ёсоор “Ажилчны театр” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад “Ажилчны Соёлын ордон” нэртэйгээр үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажилласан байна. Анх “Ажилчны театр”-ыг тухайн үед олзлогдсон Японы цэргүүдээр одоогийн байгаа байршилд бариулсан байна. 1986 онд их засварт орж 2 давхар болгон өргөтгөсөн. Тухайн үед “Ажилчны Соёл”-ын ордон нь нийт 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Монголын анхны томоохон Соёл урлагийн байгууллагуудын нэг байсан төдийгүй Монгол улсын соёл урлагийн салбарын олон арван алдар цуутнууд тус ордноос төрөн гарсан түүхтэй. Анхны найруулагчаар ардын жүжигчин Цэндээхүү, урлагийн гавьяат жүжигчин Шаравдаваа нар 1960 он хүртэл хугацаанд “Учиртай гурван толгой”, “Далан худалч”, “Мандухай Цэцэн хатан” зэрэг түүхийн  болон ажилчны сэдэвтэй  бүрэн хэмжээний 200 гаруй жүжиг тоглож байжээ. Төрийн соёрхолт Ардын жүжигчин Гомбосүрэн, 1939-оноос дарга найруулагчаар БалданЦэрэн, Соёлын гавьяат жүжигчин Батсүх, Сүрэнхорлоо, Долгоржав, Долгорсүрэн, Дарьзэвэг, гоцлол дуучнаар Сүръяа, Охиноо, хөгжимчин Шогд, Дашзэвэг, Шижээ, алдарт дуучин Түмэндэмбэрэл нарыг нэрлэж болно. Энэ хүмүүс энгийн ажилтнаас урлагийн од болон гялалзсан суу авьяастнууд юм. Энэ театрт жүжигчин дуучнаас гадна яруу найрагч үгийн урлагийн судан Чойном мужаан тайзны зураачаар ажиллаж байсан. 1990-2011 он хүртэл “Хан-Уул Соёлын төв”, 2011 оноос эхлэн Хан-Уул дүүргийн Соёлын ордон нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Соёлын ордон нь 2004 оныг хүртэл улсын үйлдвэрийн төсөвт байгууллага хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2004 оноос Хан-Уул Соёл менежментийн багт шилжиж 2008 оны 8 дугаар сарыг дуустал үйл ажиллагаагаа менежментийн гэрээний дагуу явуулсан бөгөөд тус менежментийн баг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны 9-р сарын 26-ны 88 тоот тогтоолоор менежментийн гэрээ цуцлагдаж улсын үйлдвэрийн төсөвт байгууллага болсон.

  • 2011 онд Соёлын ордон 75 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн.
  • 2016 онд Соёлын ордон 80 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн.

Соёлын ордон нь дүүргийн иргэд, албан байгууллагуудад Морин хуур хөгжим, Ятга хөгжим, Ёочин хөгжим,  Даралтат хөгжим, Төгөлдөр хуур хөгжим, Бүжиг гэсэн 6 төрлийн авьяас хөгжүүлэх сургалт болон бусад соёл, урлагийн үйл ажиллагаануудыг зохион байгуулан иргэд рүү чиглэсэн олон төрлийн тэмцээн уралдааныг амжилттай явуулж байгаа бөгөөд О.Анхбаяр даргатай 24 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон төрөөс баримтлах соёлын бодлого, үйлчилгээг иргэддээ хүргэн ажиллаж байна.